,,Монгол ур чадвар-2023’’ гагнуурын мэргэжлийн тэмцээний 2-р шатлалын шалгаруулалт явагдлаа





ММСГНийгэмлэг ТББ ,,Монгол ур чадвар-2023’’ гагнуурын мэргэжлийн ур чадварын тэмцээний 2-р шатлалын шалгаруулалтыг 2023 оны 10-р сарын 01-03-ны өдрүүдэд ГММСҮТөв дээр зохион байгуулж явуулав. Уг тэмцээнийг БШУЯам, МБС Түншлэл ТББ, ММСГН  хамтран явуулдаг уламжлалтай.Шалгаруулалтыг батлагдсан  удирдамжийн дагуу явуулж MNS ISO 9606-1:2021, MNS ISO 5817:2020,MNS ISO 9017:2021, ISO 6947:2019  стандартуудын дагуу үнэлгээ хийж дүгнэлээ. Шалгаруулалтанд 1-р шатлалаас шалгарсан 3 сургуулийн 5 сурагч гагнуурын 4 төрлөөр /цахилгаан (111), хагас автомат хатуу утсаар (135), хагас автомат зөөлөн утсаар (136), аргон нуман гагнуур (141)/ өрсөлдлөө.Оролцогч бүр 5 сорьц гагнасан. Үүнд: ган хоолой D130*8,56 mm,хавтан 10 mm,хавтан 16 mm тулгасан холболтоор, хавтан 12 mm булан холболтыг 2 өөр төрлийн гагнуураар хийж гүйцэтгэв.Өрсөлдөгчдийн нийт 25 ш сорьцыг гадна үзлэг,дотоод үзлэг /рентгэн шалгалт/, эвдэх сорилоор шалгаж үнэлэв. Тэмцээнийг ММСГН-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 9-р сарын 30-ны 08/23 тоот тушаалаар томилогдсон гагнуурын мэргэжлийн баг шүүсэн.

Үүнд: Ерөнхий шүүгч С.Батсайхан /ММСГН-ийн баталгаажуулагч, олон улсын гагнуурын инженер,МУ-ын зөвлөх инженер/, шүүгч О.Мөнхтөгс /Лайнюкс ХХК захирал, үл эвдэх сорилын 3-р түвшний инженер,МУ-ын мэргэшсэн инженер/, О.Сүхбаатар /ЭХҮТөвийн гагнуур, үл эвдэх эвдэх сорилын инженер, МУ-ын мэргэшсэн инженер/, Д.Алтантулга /Унитра ХХК гагнуурын инженер/ , Б.Буян-Учрал /Хасу-Мегаватт ХХК гагнуурын чанарын инженер/.

Шүүгчдийн үнэлгээгээр Б.Чухал /Өмнөговь ПК/ авбал зохиох 42.2 онооноос 18.4 оноо авч 1-р байр, Г.Отгонцэцэг /ГММСҮТ/ 16.2 оноогоор 2-р байр, М.Сүхбат / ГММСҮТ/ 11.3 оноо авч 3-р байр, Э.Мандах /ТТПК/ 11.0 оноогоор 4-р байр, Г.Сүхбаатар /Өмнөговь ПК/ 10.2 оноо авч 5-р байранд орлоо.

Эхний 2 байр эзэлсэн Б.Чухал, Г.Отгонцэцэг нар энэ оны 12-р сард болох 3 дахь шатны шалгаруулалтанд орж хэн илүү нь 2024 онд Францын Лион хотод болох Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрх авна.

Таван оролцогч авбал зохих онооны 24.2-43.6%-ийг авчээ.   

Тэмцээний үеэр гагнуурын экспертийн шалгалтанд  гагнуурын 2 багш   хүсэлтээ ирүүлж  шалгалтанд орсон. ММСГН экспертийн гагнуурын мэргэжлийнх нь  шалгаруулалтыг дадлага, онол гэсэн 2 төрлөөр явууллаа. Англи хэл, хандлагын шалгаруулалт тусдаа явагдсан.

Оролцогчдыг нэгэн зэрэг 2 кабинд 60*4 mm-ийн ган хоолойг аргон гагнуураар /141/ гагнуулж дадлагын шалгалт авав. Гагнах хугацаа 1 цаг байлаа.

Онолын шалгалтыг гагнуурын 3 төрлөөр тус бүр 20, нийт 60 асуулт бүхий тестээр 1 цагийн хугацаанд бөглүүлж авлаа. Гагнуурын мэргэжлийн шалгалтын дүнгээр:

Ө.Ганхөлөг/ӨПК/онолоор авбал зохих 20 онооноос 15.6 оноо, дадлагаар авбал зохих 40 онооноос 31.6 оноо нийлбэр 47.2 оноо

Б.Нямсувд/ТТПК/ онолоор  12 оноо, дадлагаар 10 оноо, нийлбэр 22.0 оноо тус тус авсан болно.


Харилцагч байгууллагууд