Танилцуулга





Монголын Материал Судлал, Гагнуурын Нийгэмлэг 

Монгол улсад уул уурхай, эрчим хүч, барилга, зам гүүр, тээвэр, хүнс, хөдөө аж ахуйн олон салбар хөгжихийн хирээр тэдгээрт хэрэглэгдэх металл ба металл бус материалын хэрэгцээ өдрөөс өдөрт өсч, металл материалыг холбох, тайрах, огтлох гагнуурын ажил үйлчилгээний цах хүрээ өргөжиж байна. Гагнуурын ажил үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа технологи, тоног төхөөрөмж шинэчлэгдэн сайжирч, гагнасан холболтын чанарыг шалгах арга, технологи боловсронгуй болсоор байгаа бөгөөд гагнуурын ажил үйлчилгээ явуулдаг байгууллага, гагнуурчин, гагнуурын мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын тоо хэмжээ нэмэгдэж байгаа зэргээс гагнуурын  салбарын ажиллах хүчний  мэдлэг, мэргэшил,ур чадварыг дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.

Улсын хэмжээнд энэ бүх ажил үйлчилгээг  төрийн бус байгууллагын хүрээнд зохицуулж ажиллах зорилготой Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг /ММСГН/ нь 2007 онд байгуулагдсан. Тус нийгэмлэг нь  материалын судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чанарыг  сайжруулж төгөлдөржүүлэх, гагнуурын ажлын чанарыг дээшлүүлэх үндсэн зорилготой ажиллаж байна.

ММСГН нь өөрийн дүрэмд зааснаар үйл ажиллагаандаа доорх үндсэн чиглэлийг баримталдаг. Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагын гагнуурчин, гагнуурын мэргэжилтний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх аттестатчлах үнэмлэх, сертификат олгох
  • Гагнуурын ажил гүйцэтгэх технологи боловсруулах,  боловсронгуй болгох чиглэлээр зөвөлгөө өгөх, туслалцаа үзүүлэх
  • Материал судлал, гагнуурын шинэ дэвшилтэт техник, технологи судалж нэвтрүүлэхэд туслах
  • Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээний чиглэлээр олон улсын байгууллага, гадаад орнуудтай хамтран ажиллах, туршлага судлах
  • Материал судлал, гагнуурын ажил үйлчилгээний чиглэлээр сургалт, семинар, үзэсгэлэн яармаг, мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулах, энэ чиглэлээр үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжийн санаачлагыг дэмжиж туслах
  • Материал судлал, гагнуурын ажил үйлчилгээний чиглэлээр зайлшгүй шаардлагатай стандарт, дүрэм, журам, гарын авлага боловсруулах, боловсронгуй болгох, металл судлал,гагнуурын сэтгүүл,техник, технологийн эмхтгэл гаргах талаар ажиллах
  • Гагуурын ажлын чанарыг шалгаж баталгаажуулах, гагнуурын ажлын баримт бичгийн бүрдүүлэлт хийх талаар аж ахуйн нэгж, байгууллага болон хувь хүмүүст туслах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Материалын шинжилгээ судалгаа, гагнуурын ажил үйлчилгээг сайжруулахтай холбоотой аливаа асуудлаар Засгийн газарт мэдээлэл,  санал оруулах
  • Материал судлал, гагнуурын лаборатори, сургалтын төв байгуулахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Гагнуурын мэргэжлийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, сургалтын хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллах,суралцагсдын дунд  мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулах

Тус  нийгэмлэг нь манай орны 30 гаруй аж ахуйн нэгж, компани, шинжилгээ судалгаа сургалтын байгууллага болон тэдгээрт ажиллаж буй 70 гаруй гагнуурын мэргэжлийн инженер техникийн ажилтан, өндөр мэргэшлийн гагнуурчид эгнээндээ нэгтгэн ажиллаж байна.

Нийгэмлэгээс хийсэн судалгаагаар улсын хэмжээнд металлыг гагнах, металлын гагнаасыг шалгах арга технологи гагнуурчид, үл эвдэх сорилтын ажилтнуудыг мэргэшүүлэх, эрх олгохтой холбогдсон олон улсын жишигт нийцсэн 60 гаруй стандарт мөрдөгдөж байна

ММСГН 2020 онд ,,Цахилгаан гар нуман гагнуурын мэргэжлийн /лавлах/ стандарт’’ боловсруулж ХНХЯамаар   батлуулсан бол   2021 онд гагнуур, үл эвдэх сорил хамарсан мэргэжлийн  6 стандартыг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран орчуулж, хянаж үндэсний стандартаар СХЗГазраар батлуулах ажлыг гүйцэтгэлээ.      

2022 оны байдлаар гагнуурын сургалт явуулдаг 45 техникийн коллеж /Төрийн өмчийн 30, хувийн хэвшлийни 15/, МСҮТөвд  жилд  2975 /2022-2023 хичээлийн жил/  гагнуурчин бэлтгэж байна.

Нийгэмлэг байгуулагдсанаасаа хойш ойролцоогоор 5000 гагнуурчныг аттестатчилж эрх, сертификат олгожээ.

ММСГН  ААН, байгууллагуудын мэргэжлийн инженер техникийн ажилтнуудад гагнуурын оёдлын гадна,дотоод үзлэг болон гагнуурын стандартууд, техник хэрэгсэл, технологийн талаар сургалтууд зохион байгуулж ажиллаж байна.

Гагнуурын мэргэжлийг сурталчлан таниулах зорилгоор ,,Гагнуур’’ сэтгүүл  эрхлэн гаргаж, гишүүн байгууллагууддаа тарааж ажиллав.

ММСГНийгэмлэг мэргэжлийн гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2011,2013,2015,2017,2019,2022  онуудад зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 200-аад байгууллагын 650 гаруй гагнуурчин хамрагдсан байна.

Тус тэмцээний шилдгүүдийг БНХАУ-д болдог олон улсын ARC CUP  тэмцээнд оролцуулах ажлыг нийт 6  удаа зохион байгуулж олон гагнуурчин алт, мөнгө, хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 

1,2-р байр эзэлж ирлээ.

Нийгэмлэг ХНХЯамтай хамтран гагнуураар суралцагсдын дунд 2-3 үе шаттай ,,Монгол ур чадвар’’ мэргэжлийн тэмцээнийг нийт 5 удаа Улаанбаатар, Даланзадгад хотод зохион байгуулсан.

Тус тэмцээний шилдгүүдийн бэлтгэл хангах ажилд нийгэмлэг туслалцаа үзүүлэн    Сан-Паоло, Абу-Даби, Казань, Клевленд хотуудад  2015. 2017, 2019. 2022 онд болсон  Дэлхийн ур чадварын /WORLD SKILLS/  тэмцээнүүдэдэд амжилттай оролцсон.

Гагнуурын төрлөөр 2017,2019 оны үндэсний оролцогчид ,,Medallion for Excellence’’  шагнал хүртэж байв.  

Гагнуурын шинэ техник технологитой танилцуулах зорилгоор олон улсын үзэсгэлэн яармагт Монголын компаниудын инженер техникийн ажилтан, удирдлагыг оролцуулах ажлыг ММСГН зохион байгуулдаг.

Нийгэмлэг 2011 оноос хойш Японы Осака, БНХАУ-ын Бээжин, Шанхай, ХБНГУ-ын Эссен, Дюселдорф, АНУ-ын Чикаго, Лас-Вегас,  Атланта зэрэг хотуудад болсон гагнуур, огтолгооны олон улсын үзэсгэлэн яармагуудад үндэсний оролцогчдыг хамруулах ажлыг зохион байгуулжээ.  

ММСГН нь 2008 онд Азийн Гагнуурын Холбоонд элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна.   Тус Холбоо нь Азийн 13 орны гагнуурын мэргэжлийн холбоодыг эгнээндээ нэгтгэсэн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм

Мөн ХБНГУ-ын ОУХАНийгэмлэг/GIZ/, Германы гагнуурын нийгэмлэг, БНХАУ-ын ARC CUP, АНУ-ын FABTECH зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.


Харилцагч байгууллагууд