Гадаад харилцаа
2023-01-19
Нийгэмлэгээс дэлхийн бусад улс орны металл судлал, гагнуурын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн нийгэмлэг, холбоод, тэдгээрийн удирдлагад ажилладаг судалгаа, сургалтын болон гагнуурчид, гагнуурын мэргэжилтнүүдийн мэргэшлийн эрх олгох, баталгаажуулах институт, төвүүдтэй танилцаж, харилцаа холбоо тогтоон хамтран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд
- Германы гагнуурын нийгэмлэг Дуйсберг хотын Гагнуурын сургалт судалгааны төв, Ханновер хотын Гагнуурын техникийн туршилт сургалт судалгааны төвтэй ММСГН-ийн төлөөлөгчид 2009 оны 3-р сард танилцаж, Дуйсберг хотын Гагнуурын сургалт судалгааны төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хамтын ажиллагааны суурийг тавьсан.
- Азийн гагнуурын холбоо/АГХ/-ны урилгаар 2008 оны 11-р сарын 16-18-ны өдрүүдэд Японы Киото хотод зохион байгуулагдсан АГХ-ы 11-р хурлаар ММСГН нь Азийн Гагнуурын Холбоонд гишүүнээр элсэн орсноос хойш үйл ажиллагаанд нь тогтмол оролцож байна.
Хамгийн сүүлд 2022 он 7-р сард Токио хотод болсон АГХ-ы 36-р хуралд төлөөлөл оролцож, 11-р сард Индонизед болсон 37-р хуралд цахимаар оролцсон байна.
- ММСГН ээс орчин үеийн гагнуур, металл судлалын шинэ техник, технологитой танилцуулах зорилгоор Японы Киото,Токио, ХБНГУ-ын Эссен, Дюсселдорф, БНХАУ-ын Шанхай, Бээжин, АНУ-ын Чикаго, Атланта хотуудад зохион байгуулагдсан гагнуур, огтолгооны үзэсгэлэн яармаг үзүүлэх бизнес-аялал зохион байгуулан ажиллаж байна.
- ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг/ГОУХАН буюу GIZ/-тэй хамтран ажилладаг. ХБНГУ, Хасу-Мегаватт ХХК хамтарсан төр хувийн хэвшлийн ,,Гагнуурын салбар дахь стратегийн түншлэл’’ төсөлд хөндлөнгийн оролцогчоор ажиллаж байна. ГОУХАН-тэй хамтран гагнуурын чиглэлийн 6 стандартыг орчуулж, их, дээд сургуулиудын гагнуурын мэргэжлийн доктор, эрдэмтэн багш нар, аж ахуйн нэгж, байгууллагуудын зөвлөх инженерүүд оролцсон хэлэлцүүлэг 4 удаа, төрийн байгууллагууд, ААН, багш нарын төлөөллүүд оролцсон ,,Гагнуурын форум’’ зөвөлгөөн 1 удаа зохион байгуулсны дүнд уг стандартуудыг MNS ISO үндэсний стандартаар СХЗГ-аар 2021 онд батлуулсан.
- ГОУХАН-тэй хамтран ажилласнаар дотоод үзлэгийн дижитал HD-CR-35-NDT аппаратыг 2022 онд хүлээн авч, гагнуурын олон улсын эрх бүхий багш нар /15/ сургах зэрэг ажлууд хийгдсэн.
- БНХАУ-д 2 жил болгон зохион байгуулдаг мэргэжлийн гагнуурчдын олон улсын тэмцээнд үндэсний шилдгүүдийг оролцуулах ажлыг уг тэмцээнийг зохион байгуулдаг Хятадын гагнуурын нийгэмлэг, ARC CUP байгууллагтай хамтран ажиллаж байна.
2023 оны байдлаар нийт 6 удаагийн тэмцээнд амжилттай оролцсон.
- ХНХЯамтай хамтран Дэлхийн ур чадварын /WORLD SKILSS/ тэмцээнд гагнуурын сургалт явуулдаг коллеж МСҮТ-ийн шилдгүүдийг шалгаруулж, оролцуулах ажилд нийгэмлэг идэвхтэй оролцож байна. Бразилийн Сан Паоло/2015/, АНЭУлсын Абу-Даби/2017/, ОХУ-ын Казань/2019/, АНУ-ын Клевленд/2022/ зэрэг хотуудад болсон уг тэмцээнүүдэд үндэсний оролцогч нар амжилттай оролцжээ.
- ХБНГУ-ын Халле хотын Гагнуурын сургалт судалгааны төв, ХНХЯ-ы МБСҮМАЗТөв, ММСГНийгэмлэг 3 талт хамтын ажиллагааны санамж бичгийг 2021 онд байгуулж, гагнуурын мэргэжлийг дэмжих, сурталчлах, гагнуурын олон улсын инженер, гагнуурын шалгагч нарыг бэлдэх улмаар гагнуурчны олон улсын эрх олгох гагнуурын шалгалтын төв байгуулах зэрэгт хамтран ажиллаж байна.
- АНУ-ын FABTECH, Япон, БНХАУ, ХБНГУ-д болдог гагнуур,огтолгооны үзэсгэлэн яармагуудад Монголын гагнуурын мэргэжилтэн, байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг хамруулах ажлыг ММСГН байнга зохион байгуулж ажиллаж ирлээ.
Олон улсын гагнуур, огтолгооны яармаг худалдаа /ХБНГУ. Эссен 2009 он/
Дэлхийн тэргүүлэх зэргийн 17 дахь удаагийн гагнуурын яармаг худалдаа 2009 оны 9-р сард ХБНГУ-ын Эссен хотод зохионбайгуулагдсан. Гагнуур огтолгооноос гадна олон улсын чанарын шалгалт,төмөрлөг бус материалыг гагнахад ашиглагддаг тоног, төхөөрөмж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болон тусгай ажиллагаа гэх мэт бүхий л хүрээг хамарсан бизнесийн таатай боломж бөгөөд энэ нь бүтээгдэхүүн, технологи, ажил үйлчилгээ болон машин механизмийг дэлгэн үзүүлдэг дэлхийн ноу-хау зах зээлийн уулзвар цэг юм.
Дараах үндсэн чиглэлүүд яармаг худалдаанд явагдсан:
- Төмөр, төмөрлөг бус болон холимог материалыг гагнах,огтлох,бүрэх,тоног төхөөрөмж үйлдвэрлэл
- Дулаан боловсруулалт ба үйлдвэрлэлийн бусад технологид ашиглагддаг тоног төхөөрөмж, тэдгээрийн үйлдвэрлэл
- Бүрэн механикжсан болон робортжуулсан үйлдвэрлэл аж үйлдвэрийн робот өгөгдөл боловсруулах ба үйлдвэрлэлийн хяналтын технологи
- Гагнуурын электрод болон урсгал материал үйлдвэрлэл
- Үйлдвэрлэлийн дамжлага болон ажлын байрны тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны багаж, тоног төхөөрөмж, мэргэжлийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа
- Туслах тоног төхөөрөмж
- Хэмжилт болон шалгалтын технологи /QTI/
- Чанарын тогтолцоо
- Менежмент, судалгаа, мэдээлэл болон оюуны бүтээлүүд
Олон улсын гагнуурын үзэсгэлэн /Япон.Токио 2010 он/
Олон улсын гагнуурын үзэсгэлэн 2010 оны 4-р сард Токио хотод болсон. Тус үзэсгэлэнд гагнуурын технологийн салбарт сүүлийн үед гарсан ололт амжилт, шинэ технологийг танилцуулсан. Үүнд:
- Японы PANASONIC компани аж үйлдвэрийн салбарт гагнуурын автоматжуулалт робот технологийн дэвшил
- ҮЭС-ын сүүлийн үеийн технологи дижитал радиографын технологийн дэвшил
- Орчин үеийн гагнуурын технологи цахим автомат удирдлагуудын систем
- 3 хэмжээст автомат CNC огтолгооны төхөөрөмж
- Лазер гагнуурын технологи
- Хэт авианы сорилын Phased Array технологи
Гагнуурын олон улсын үзэсгэлэн
/БНХАУ. Бээжин 2010/
БНХАУ-ын Бээжин хотод 2010 оны 5-р сард зохион байгуулагдсан.
Энэхүү үзэсгэлэн яармагт гагнуур, огтолгооны шинэ техник технологи, тоног төхөөрөмж, лазерийн огтолгоо, гадаргуугийн буюу ирмэгийн боловсруулалт, гагнаасны үл эвдэх сорилтын талаарх орчин үеийн үзмэрийг дэлгэн үзүүлсэн. Энэхүү үзэсгэлэн яармаг нь гагнуур, огтолгооны үйлдвэрлэлийн чиглэлээр Бээжин, Шанхай хотод ээлжлэн 15 дах удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
ММСГН уг үзэсгэлэн яармагт эрчим хүч уул уурхайн чиглэлийн компаниудын 16 хүнийг зохион байгуулж оролцуулсан байна.
Гагнуурын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн яармаг /АНУ. Атланта 2010/
Гагнуурын тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн яармаг /FABTECH/ 2010 оны 11-р сард АНУ-ын Атланта хотын Georgia World Congress Center төвд болсон. Үзэсгэлэн яармагийн чиглэл:
- Металл боловсруулалт
- Шугам хоолойн үйлдвэрлэл
- Гагнуурын технологи
- Тоног төхөөрөмж
- Материалын шинэчлэлт
Үзэсгэлэн яармагт олон улсын нэр хүндтэй 2000 гаруй компани оролцож 350000 м2 талбайд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ дэлгэн үзүүлсэн. Үзэсгэлэн яармагт ММСГН эрчим хүч, металл боловсруулалтын чиглэлийн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцуулах ажлыг зохион байгуулжээ.
Гагнуур, огтолгооны олон улсын үзэсгэлэн яармаг /ХБНГУ. Дюсселдорф 2017/
Гагнуур, огтолгооны олон улсын үзэсгэлэн худалдааны яармаг худалдаа 2017 оны 9-р сард ХБНГУ-ын Дюсселдорф хотод болсон.
Үндсэн чиглэл:
- Гагнуурын шинэ техник, технологи
- Электрод туслах материал
- Дижитал төхөөрөмж
- Металлыг усаар зүсэх, огтлох технологи
- Робот гагнуур
- Гагнуурын сургалт
- Залуу гагнуурчдын мэргэжлийн тэмцээн
- Гагнуурын сургалтын симулятор
Үзэсгэлэн яармагт ММСГН 3 хүнтэй баг зохион байгуулж оролцуулсан.
Гагнуурын олон улсын FABTECH үзэсгэлэн
яармаг /АНУ. Атланта 2018/
АНУ-ын Атланта хотод 2018 оны 11-р сард болсон FABTECH үзэсгэлэн яармагт гагнуурын техник технологи, материалд гарсан сүүлийн ололт амжилт, техникийн дэвшлийг хэрхэн ашиглаж, бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгааг тод томруун харуулсан.
Үзэсгэлэн яармагт Decktop Metal, Mitsubishi laser, Nissan Commercial Vehicles, Microsoft, Lincoln Electric, UPG,Robovent, Mazak, MESSER зэрэг компаниуд техник ололт амжилтаа дэлгэн үзүүлэв.
Уг арга хэмжээний үеэр гагнуурын робот техник, автоматжуулалтыг хэрхэн нэьтрүүлж буй зэргийг шууд харуулж гэрээ хэлцэл хийгдэж семинар, уулзалтууд өргөнөөр зохиогдсон. Монголоос эрчим, хүч уул уурхайн компаниудын 12 хүний бүрэлдэхүүнтэй баг явуулах ажлыг ММСГН зохион байгуулсан.