ГАГНУУРЫН ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 45 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО





Хоёр жил тутамд нэг удаа болдог Гагнуурын Дэлхийн ур чадвар /WORLDSKILLS competition/-ын тэмцээнд анх Монгол улс 2015 онд Бразилийн Сан-Паолод  оролцсон.    

2017 онд АНЭУлсын Абу-Дабигийн 44 дэх удаагийн тэмцээнд оролцон анх удаа гагнуурын төрлөөр 700 оноо авч Шилдэг өрсөлдөгчийн ,, Medalion for excellence’’ийг ТТДС-ийн суралцагч Ж.Жанлав-Ойдов хүртсэн.

Дэлхийн ур чадварын 45 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Казань хотод 2019 оны 8-р сарын 23-аас 26-ны хооронд явагдаж өнгөрөв.

Уг тэмцээнд нийт 63 орны 1354 оролцогч 56 мэргэжлийн төрлөөр ур чадвараа сорин өрсөлдсөн байна.

Багийн дүнгээр эхний байрыг БНХАУ 16 алт,14 мөнгө, 5 хүрэл нийт 35 медалиар эзлэн, ОХУ 14 алт, 4 мөнгө, 4 хүрэл нийт 22 медаль авч 2-р байр, БНСУ  7 алт, 6 мөнгө, 2 хүрэл нийт 15 медаль хүртэн 3-р байр тус тус эзэлжээ.

ОХУ л гэхэд шилдэг оролцогчийн 25 медалион авчээ.

Эхний байр эзэлсэн эдгээр улс нь мэргэжлийн тэмцээнд оролцогчдыг төрийн зүгээс онцгойлон анхаарч, санхүү болон бусад бүх дэмжлэгийг үзүүлдэг.

Монгол улс энэ тэмцээнд 8 мэргэжлийн төрлөөр оролцлоо.

Гагнуурын төрлөөр  ГММСҮТөвийн сурагч Т.Оюун-Эрдэнэ 38 орны оролцогчтой өрсөлдөн 711 оноогоор 12-р байр эзэлж ,,Medalion for excellence’’ буюу дэлхийн ур чадварын түвшинд хүрсэн гэсэн үнэлгээг багаасаа ганцаар хүртжээ. Ингэснээр  Абу-Даби, Казаниас багийн шилдэг шагнал /Best of nation/-ыг гагнуурын оролцогчид авлаа.

Гагнуурын төрлөөр өмнөх тэмцээний  оноогоо 11-ээр,  байраа 5-аар урагшлуулсан нь чамлахааргүй амжилт юм.

Гагнуурын төрөлд алтан медалийг БНХАУ, ОХУ, мөнгөн медалийг Бразил, хүрэл медалийг Япон, БНСУ-ын оролцогчид хүртлээ.

Энэ тэмцээний үндэсний оролцогчийг ММСГНийгэмлэг ХНХЯамтай хамтран гагнуурын сургалттай  МСҮТөвүүдийн оролцогчдоос 2-3 шатлалт тэмцээн зохион байгуулж шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн тэмцээний сорилд 27  МСҮТ оролцжээ.

Оюу-Толгой ХХК санхүүгийн дэмжлэг үзүүлж, бэлтгэлийг нь өөрийн сургалтын бааз дээрээ хангуулдаг. Мөн ТЭЦ- 4 ТӨХК-ийн МСГЛаборатори, ГММСҮТөв дээр бэлтгэл хийсэн юм.

Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг ТББ энэ тэмцээнд хөндлөнгийн ажиглагчаар үл эвдэх сорил болон гагнуурын мэргэжлийн инженер О.Мөнхтөгс, Н.Ганхуяг /Оролцогчийн багш/  нарын зардлыг даан томилолт өгч явуулсан нь мэдлэг, туршлага хуримтлуулсан үр дүнтэй ажил боллоо.

Мөн нийгэмлэгийн тэргүүлэгч ДЦС-4 ТӨХК МСГЛ-ын эрхлэгч С.Батсайхан Дэлхийн ур чадварын тэмцээнд 3 дахь удаагаа гагнуурын экспертээр ажиллаж, оролцогчийн бэлтгэлийг хангахад ихээхэн идэвхи, зүтгэлтэй ажилласнаар дээрхи амжилтанд хүрлээ гэж ММСГН-ийн Удирдах Зөвлөлийн хурлаас дүгнэлээ.   Сэтгэл нийлэн амжилттай хамтран  амжилттай  ажилласан ХНХЯам, “Хасу- Мегаватт” ХХК, “Оюу-Толгой” ХХК, ДЦС-4 ТӨХК, ГММСҮТ болон бусад хамтрагчдаа гүн талархал илэрхийлье.    

                         

                                                   ММСГН


Харилцагч байгууллагууд