Олон Улсын мэргэжлийн гагнуурчдын “ARC CUP-2018” тэмцээний товч дүн





Энэ оны 6-р сарын 04-11-ны өдрүүдэд БНХАУ-ын Хунань мужийн Жужоу хотод мэргэжлийн гагнуурчдын олон улсын “ARC CUP-2018” ээлжит тэмцээн болж өндөрлөлөө.

Олон улсын гагнуурын институт, Азийн гагнуурын холбоо, Хятадын гагнуурын нийгэмлэгийн шууд дэмжлэгтэйгээр BRICS-н Улсуудын Холбоо олон улсын байгууллага, Хятадын гагнуурын ассоциаци болон гагнуурын олон улсын мэргэжлийн гагнуурчдын  6 дахь удаагийн “ARC CUP” тэмцээнийг зохион байгуулах хороо энэ тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллаа.

Тэмцээнд хүйс хамаарахгүйгээр 35-аас доош насны, үндэсний тэмцээний эхний байруудад орсон гагнуурчид оролцох ёстой гэсэн шалгуур тавьдаг.

Энэ жилийн тэмцээнд  21 орноос хүрэлцэн ирсэн  380 гаруй гагнуурчид оролцсоны дотор Герман, Орос, Белорусь, Монгол, Болгар, Гана, Чех, Румын, Португали, Украйн, Энэтхэг, Тайланд, Сингапур, Хятад, Өмнөд Африкийн Бүгд найрамдах Улс зэрэг орнууд багтсан байна. Тэмцээнд оролцогчдыг насны ангиллаар нь оюутны, өсвөр насны, насанд хүрэгчдийн группүүдэд хувааж модуль тус бүрээр нь нэгээс гуравдугаар байранд оруулж алт, мөнгө, хүрэл медаль болон  тусгай байрын шагнал олгосон.

Гагнуурын тэмцээний техникийн даалгавар 4-н модулиас бүрдэж байна. Үүнд:Стандарт модуль №1 буюу гагнуурын төрөл дагнасан модуль, Модуль №2 нь гагнуурын 4-н төрлийг ашиглан хийц бүтээгдэхүүн угсрах модуль, Модуль №3 буюу хөнгөн цагааны хайлшийн гагнуур, Модуль №4 буюу тодорхой хязгаарлалтгүй гагнуурын чөлөөт төрөл ордог. Гадаадын ихэнхи  гагнуурчид нь стандарт модуль №1 буюу гагнуурын төрөл дагнасан модуль /цахилгаан нуман гагнуур,  хатуу утсаар гагнах хагас автомат гагнуур, зөөлөн утсаар гагнах хагас автомат гагнуур, ацетилен хийн гагнуур, аргон хийн хамгаалалттай нуман гагнуур/, модуль №2 нь гагнуурын 4-н төрлийг ашиглан ган хийц бүтээгдэхүүн угсрах модулийн төрөлд мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдлөө. Гагнуурын бас нэгэн содон төрөл нь  тодорхой хязгаарлалтгүй гагнуурын чөлөөт төрөл /Non regulated projects/ буюу  ямар нэгэн бүтээц хийх тэмцээн байлаа. Гагнуурын мэргэжлийн инженерүүдийн эрдэм шинжилгээний судалгаа, туршлага, техникийн шинэлэг шийдэл дэвшүүлсэн түүнийгээ хамгаалсан онолын тэмцээн болсон. Энэ төрөл  нь техникийн шинэлэг санаа, технологи, судалгааны ажлын үр дүн, нотолгоонд суурилсан дүгнэлтээ англи хэл дээр илтгэл маягаар тавьж доктор, профессоруудаас бүрдсэн олон улсын мэргэжлийн шүүгч, шинжээчдийн багийн өмнө хамгаалах байдлаар, танхимд явагддаг тэмцээн юм. Монголын гагнуурын мэргэжилтнүүд оролцох бүрэн боломжтой.

Гагнуурын тэмцээний үнэлгээ олон улсын стандартын дагуу явагдлаа. ММСГН нь 2014, 2016 оны Бээжин, 2017 оны Шанхайн тэмцээнүүдэд Монголын шилдэг гагнуурчдыг оролцуулах ажлыг амжилттай зохион байгуулж багаараа 3 удаа мөнгөн цом хүртээд байсан билээ. Энэ жилийн ээлжит тэмцээнд түүхэндээ хамгийн олон гагнуурчин хамруулав.

Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг ТББ-ын зүгээс 2017 оны 11 сард болсон гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт шалгарсан монголын шилдэг гагнуурчдыг “ARC CUP-2018” тэмцээнд урьдчилан бэлтгэл хийлгэн зохион байгуулалттайгаар амжилттай оролцууллаа. Тэмцээний амжилт, үр дүнг БНХАУ  болон Гадаад орнуудын оролцогч гэж 2 хуваан дүгнэсэн.

Уг тэмцээнд манай улсаас төрийн болон хувийн хэвшлийн компаниудын 15 гагнуурчин гагнуурын 1-р модуль /4 төрлөөр/, 2-р модуль буюу хийц угсралтаар мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Урьдчилсан дүн гарахад   MCS компаний гагнуурчин Х.Бямбажав  насанд хүрэгчдийн цахилгаан гагнуурын төрлөөр  алтан медаль, Герман-Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч 19 настай Д.Нямрагчаа оюутны ангиллын хагас автомат гагнуурын төрлөөр алтан медаль,  Mөнх Чандмань Илч компаний гагнуурчин Н.Энхбат насанд хүрэгчдийн аргон гагнуурын төрлөөр  мөнгөн медаль, Монгол-Солонгосын Политехник коллежын  сурагч 18 настай  Э.Уужимсэтгэлт оюутны ангиллын цахилгаан гагнуурын төрлөөр мөнгөн медаль, ДЦС-4 ТӨХК-ны гагнуурчин Э.Батсүх насанд хүрэгчдийн хийн гагнуурын төрлөөр хүрэл медаль хүртэж  сайхан амжилт гаргалаа. Амжилт үүгээр өндөрлөсөнгүй. Монгол улсын  баг энэ тэмцээнээс  4 алт, 6 мөнгө, 4 хүрэл нийт 14 медаль хүртсэнээр багийн дүнгээр  анх удаа нэгдүгээр  байранд орж цом гардан авав.

Мэргэжлийн гагнуурчдын олон улсын  “ARC CUP”  тэмцээнийг зохион байгуулах хорооны шийдвэрээр гагнуурын эксперт С.Батсайхан гагнуурын олон улсын шүүгчийн батламж гардан авлаа.

Энэ тэмцээн дууссаны дараа хаалтын ажиллагааны өмнөхөн тэмцээний ерөнхий зохион байгуулагчид, гагнуурын мэргэжлийн холбоод шийдвэр гаргаж анх удаа гагнуурчдын онолын шалгалт авах ажлыг зохион байгуулав. Оролцогчдын сайн дурын үндсэн дээр явагдсан энэ шалгалтанд гадаадын  оролцогчдын 60 гаруй хувь оролцсон бөгөөд Монголын   багийн 15-н гагнуурчин хамрагдсан. Оролцогч бүр тэмцээнд оролцсон гагнуурын төрлөөрөө онолын шалгалтыг англи хэл дээр тест бөглөх байдлаар өгсөн. Тэмцээний болон  онолын шалгалтын дүнг үндэслэн  олон  улсын гагнуурчны сертификат олгох ажиллагаа цаашид явагдана.

Бид цаашид тэмцээний өмнө нэгдсэн бэлтгэлийг сайн хийж чадвал ямар ч амжилт үзүүлэх боломжтой гэдэг нь харагдлаа. Мөн мэргэжлийн инженерүүдийн болон чөлөөт хийцийн төрлүүдэд оролцох нь гагнуурын мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Гагнуурчдын авсан оноог зарим гадаадын оролцогчдын дүнтэй  харьцуулсныг дараах линкээр орж үзнэ үү.

http://mmsws.mn/public/f/ARC_CUP_2018.pdf

[gallery][img]http://mmsws.mn/public/image/original/36410329_2018602541802617_8604825587212615680_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/36355200_2018600831802788_563109189333811200_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/36332867_2018602508469287_6610455728018685952_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/36267232_2018600781802793_7634348885976023040_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/36342110_2018598348469703_9170429095983448064_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/36342066_2018599328469605_423391270379978752_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/36315119_2018599351802936_394798650888290304_n.jpg[/img][desc][/desc]
[img]http://mmsws.mn/public/image/original/36273301_2018599341802937_4095652543990857728_n.jpg[/img][desc][/desc]
[/gallery]

                                                                

ММСГН


Харилцагч байгууллагууд