Абу Дабигийн дэлхийн ур чадварын тэмцээн





Дэлхийн ур чадварын “WORLD SKILLS”   44 дэх удаагийн тэмцээн 2017 оны 10-р сарын 15-18 өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод болж өнгөрлөө.  

Хоёр жилд нэг удаа болдог энэ тэмцээнд 18-22  насны залуучууд оролцож  ажил мэргэжлээрээ ур чадвараа сорьдог нэг ёсны энэ чиглэлийн дэлхийн олимп юм.

Анхны тэмцээн нь 1950 онд Испани улсын Мадрид хотод болж байжээ.

Абу-Дабид 60-аад орны 1300 орчим залуучууд ур чадвараа сорин тэмцээнүүдэд оролцсон байна.  Үүнээс хамгийн олон төрөлд буюу 51 мэргэжлээр ОХУ, 49 мэргэжлээр Бразил, БНХАУ 47 мэргэжлээр тус тус өрсөлдсөн байна.

Манай улс 2015 онд Бразилд  болсон 43 дахь удаагийн тэмцээнд анх  9  мэргэжлээр орж байсан.

Энэ жил уг тэмцээнд гагнуур, мужаан, цахилгаан, өрөг, тогооч, сантехник гэсэн  мэргэжлээр 6 оролцогч ур чадвараа сорилоо.

Гагнуурын төрөлд Техник технологийн политехник коллежийн оюутан Ж.Жанлав-Ойдов оролцож 700 оноо аван шилдэг оролцогчийн шагнал /Medallion for Excellence/  мөн үндэсний шилдгийн /Best of Nation/ шагналыг тус тус аван бахдам амжилт гаргав.

Уг оролцогчийг ХНХЯ, ММСГН хамтран  27  МСҮТөвүүдийн суралцагчдыг  хамруулсан “Монгол ур чадвар”  3 шатлалт тэмцээнээр шалгаруулсан билээ.

Ж.Жанлав-Ойдовыг Оюутолгой компани  ивээн тэтгэж үйлдвэрийн бааз дээрээ үндсэн бэлтгэл хангуулсан. Мөн ДЦС-4 ТӨХК, ТТПКоллеж дээр бэлтгэл хийсэн юм.

Энэ оны 6-р сард Шанхайд болсон залуучуудын тэмцээнд Ж.Жанлав-Ойдов амжилттай оролцож байлаа.  Абу-Дабигийн “WORLD SKILLS” тэмцээний гагнуурын экспертээр манай нийгэмлэгийн гишүүн ДЦС-4 ТӨХК-ы МСГЛабораторийн эрхлэгч С.Батсайхан 2  дахь удаагаа оролцож, сайхан амжилт гаргав.

Гагнуурын төрөлд алтан медалийг БНХАУ /737оноо/, мөнгөн медалийг БНСУ/733 оноо/, Япон /731 оноо/, хүрэл медалийг Тайвань улсын /730 оноо/ оролцогчид авчээ.

Энэ тэмцээнээс БНХАУ 15 алт, 7 мөнгө, 8 хүрэл, БНСУ 8 алт, 8 мөнгө, 8 хүрэл, Швейцари 11 алт, 6 хүрэл, 3 мөнгөн медаль хүртсэн байна.

Олон улсын нэр хүндтэй энэ томоохон тэмцээнд сайхан амжилт гаргасан Ж.Жанлав-Ойдов, С.Батсайхан нартаа баяр хүргэж,ажлын  амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.


Харилцагч байгууллагууд