Монголын гагнуурчид Шанхайн “ARC CUP-2017” тэмцээнд амжилттай оролцлоо





2017 оны 6-р сарын сүүлээр БНХАУ-ын Шанхай хотод гагнуурчдын олон улсын ,,ARC CUP-2017’’  тэмцээн боллоо. Олон улсын гагнуурын институтын 70 жилийн ойд зориулсан уг арга хэмжээний  үеэр үзэсгэлэн яармаг, олон улсын хурал зэрэг арга хэмжэээнүүд явагдлаа. Дээрх арга хэмжээнүүдэд нийт 24 орон оролцсоноос гагнуурын тэмцээнд 16 орон гагнуурчдаа илгээжээ. Гагнуурчдын ур чадвар шалгах тэмцээнүүд нь цахилгаан, хагас автомат, аргон, хийц, хийн, робот гагнуур зэрэг нийт 7 төрлөөр явагдаж нийт 248 гагнуурчин оролцов. Зөвхөн ОХУ-аас гэхэд л 60 хүнтэй баг ирж, 17 гагнуурчин нь тэмцээнд оролцлоо. Гагнуурын бас нэгэн содон төрөл нь  тодорхой хязгаарлалтгүй гагнуурын чөлөөт төрөл /Non regulated projects/ буюу  ямар нэгэн бүтээц хийх тэмцээн байлаа. Гагнуурын мэргэжлийн инженерүүдийн онолын тэмцээн явагдав. Энэ төрөл  нь шинэлэг санаа, технологи зэргээ англи хэл дээр илтгэл маягаар тавьж , шүүгчдийн асуулт хариултанд хариулах маягаар танхимд явагддаг юм байна. Монголын гагнуурын инженер, мэргэжилтнүүд оролцох бүрэн боломжтой юм.

Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг ТББ-ын зүгээс Монголын шилдэг гагнуурчдыг Шанхайн гагнуурын олон улсын тэмцээнд оролцуулах ажлыг зохион байгууллаа. Уг тэмцээнд 2015 оны гагнуурчдын улсын аваргад амжилт гаргасан төрийн болон хувийн хэвшлийн компаниудын 7 гагнуурчин гагнуурын 4 төрлөөр мэргэжлийн ур чадвараа сорьсон юм. Ингээд дүн гарахад хагас автомат гагнуурын төрөлд ДЦС-3 ТӨХК-ы гагнуурчин М.Ганхуяг, цахилгаан гагнуурын төрөлд СММ ХХК-ы гагнуурчин Б.Баттулга нар мөнгөн медаль,  хийцийн төрөлд Хасу-Мегаватт ХХК-ы гагнуурчин Л.Анхбаяр,  аргон гагнуурын төрөлд ДЦС-4 ТӨХК-ы гагнуурчин Ч.Агваандэмбэрэл нар хүрэл медаль  хүртэж сайхан амжилт гаргалаа. Мөн оюутны ангилалд Хасу-Мегаватт ХХК-ы Герман-Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сурагч 17 настай Д.Нямрагчаа хагас автомат гагнуурын төрлөөр 3-р байрт орсон нь том амжилт юм.  

Багийн дүнгээр Монголын баг 2-р байранд орж  2014, 2016 онд Бээжингийн олон улсын тэмцээнд үзүүлсэн амжилтаа бататгалаа.

Бид цаашид тэмцээний өмнө нэгдсэн бэлтгэлийг сайн хийж чадвал ямар ч амжилт үзүүлэх боломжтой гэдэг нь харагдав.   Мөн мэргэжлийн инженерүүдийн болон чөлөөт хийцийн төрлүүдэд оролцох нь гагнуурын мэргэжилтнүүдийн ур чадвар, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тэмцээн болон үзэсгэлэнг ДЦС- 2,3,4- ийн гагнуурын мэргэжлийн инженерүүд үзэж туршлага судлав.

                               

                                                                               ММСГН

  


Харилцагч байгууллагууд