"МОНГОЛ УР ЧАДВАР-2020" тэмцээний эхний шатны шалгаруулалт явагдлаа.

 

ММСГНийгэмлэг нь ХНХЯам, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл , арга зүйн төв /МБСҮМАЗТ/,Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-тэй хамтран  Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2020 оны 10-р сарын 8-9-ний өдрүүдэд ,,Монгол ур чадвар-2020’’ тэмцээний гагнуурын төрлийн эхний шалгаруулалтыг амжилттай явууллаа.

Мэргэжил сургалт үйлдвэрэлийн төв, политехник коллежуудад гагнуурын мэргэжлээр суралцагсдын дунд явуулдаг уламжлалт энэ тэмцээнийг  манай нийгэмлэг 4 дэх удаагаа зохион байгуулж байгаа юм.

Тэмцээнд төрийн болон хувийн хэвшлийн 16 сургууль шилдгүүдээ өрсөлдүүллээ.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь:

   1. Анх удаа хөдөө орон нутагт тэр тусмаа гагнуурын мэргэжил хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа Өмнөговь аймагт болсон,

   2. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд  Дэлхийн ур чадварын тэмцээний Сан Паоло /2015/,  Абу- Даби /2017/, Казань /2019/-ий  оролцогч нар багтсан,

   3. Шүүгчид бүгд МБСҮМАЗТөвийн сургалтанд хамрагдаж, үнэлгээчний албан ёсны сертификаттай болсон зэрэг явдал  байлаа.

Соёл, спортын ордонд болсон  нээлтийн арга хэмжээнд  Өмнөговь аймгийн орлогч дарга, сургалт хариуцсан албан тушаалтнууд, МБСҮМАЗТөвийн дэд  дарга доктор Ph.D Б.Отгонбүзмаа, арга зүйч Э.Ундрал, Г.Номинзаяа, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн ажилтнууд, сургуулиудын захирал нар оролцов.

Тэмцээний үеэр  ажил олгогч, сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны талаар чөлөөт хэлэлцүүлэг явагдлаа.

Тэмцээнд оролцогчдоос  Техник технологийн политехник коллежийн оюутан Б.Гантогтох 13.8 оноогоор тэргүүн байр, Герман-Монголын МСҮТөвийн Г.Отгонцэцэг 10.4 оноогоор 2-р байр,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Skillstek МСҮТ-ийн  М.Энх-Амгалан 7.6 оноогоор 3-р байр тус тус эзэлж дараагийн шатны шалгаруулалтанд оролцох батламжаа гардлаа.

,,Монгол ур чадвар-2020’’-аас шалгарсан нэг оролцогЧ 2021 онд Шанхайд болох Дэлхийн ур чадварын тэмцээн /WorldSkills-2021/-д  үндэсний оролцогчоор шалгарч, Монгол улсаа төлөөлж өрсөлдөнө.   

Гагнуурын багш, ажилтнуудад ДУЧТэмцээний дүрэм, модуль, даалгаврын талаар гагнуурын эксперт, ДЦС-4 ТӨХК МСГЛ-ын эрхлэгч С.Батсайхан 10-р сарын 10-ны өдөр хичээл заав.

Тэмцээний үйл ажиллагаа амжилттай явагдахад Өмнөговь аймгийн Политехник коллежийн хамт олны туслалцаа, бэлдсэн байдал ихээхэн тус дэм боллоо.